Ордубалык хот - Уйгарын Хар Балгас
Эртний түүхт Орхоны хөндийд аялагч жуулчдын сонирхолыг ихээхэн татдаг нэгэн балгас бий.  Энэ балгас нь МЭ745-840 оны хооронд Монгол газарт  Алтайгаас Хянганы нуруу, Соёны нуруугаас өмнийн говь хүрэлх өргөн уудам газар нутгыг захирч байсан Уйгар улсын нийслэл Ордубалык балгадын  туурь юм.  Үүнийг нутгийн ардууд Хар балгас гэдэг.  Хар Балгас нь Архангай аймгийн Хотонт сумын нутаг Орхон голын хөвөөнд Хархорин хотоос чанх хойд зүгт 25 км-ийн зайд оршино. GPS солибцол: N 47° 25.782'  E 102°39.490' оршино.  Хар балгасыг 1871 онд  анх оросын аялагч Падерин гэгч нээж илрүүлсэн байдаг. 1889,1890,1891 онуудад Оросын ШУА-ийн эрдэмтэн Д. А. Клеменц, В.В.Радлов нар  судалгааны малтлагуудыг хийж байжээ.  1933-34 оны үед Д.Букенич, 1949 онд С.В.Киселев, Х.Пэрлээ нар малтлага хийсэн байна. Судлаачдын үзэж байгаагаар Хар балгас анхан Орхоны хөндийд байгуулагдаагүй, хожим тэнд нүүж очсон байна. Ордубалык хотын хэрэм нь 12 том хаалгатай байсан, мөн  хааны ордон нь 30 метр өндөр алтан гэртэй байсан тухай МЭ 821 онд Уйгарын Ордубалыкт зочилсон Арабын Саманид улсын элчин сайд Тамим ибн Бахр сурвалжид дурдсан байдаг.
"Ордубалык хот - Уйгарын Хар Балгас" цааш унших »
Улиастай хот.
Улиастай хотыг Манж Чин гүрний эзэд ойрадын эсрэг хийсэн дайны үед бариулж байгуулжээ. Улиастайд Баруун монголын эсрэг тэмцэх Манжийн цэргийн ерөнхий командлагч жанжин сууж байсан байна. Улиастай хотын түүхийг сөхвөл 1730-аад оны эхээр Манжийн их цэргийн нэг хэсэг нь Цагаан сүүл гэдэг ихэр бууцтай жижиг толгойд "одоогийн Алдархаан сумын Өгөөмөр багийн нутаг"-т нүүдэллэн ирж хэдэн жил болоод улмаар шилжин ирж Алдар толгойд ирээд нэг жилийн дараа 1733 онд одоогийн Улиастай хотын зүүн хэсэг Богд Чигэстэй голын хооронд хэрэм бэхлэлт бүхий цэргийн цайз байгуулагдсанаар Улиастай хотын суурь тавигджээ. Энэхүү цэргийн цайз нь 3м өндөр, 1,5 м өргөн, 1,5 км урт шавар хэрэмний гадуур 3 өргөн, 4 м гүнзгий гол урсгасан хамгаалалттай байжээ.
"Улиастай хот." цааш унших »
Угтаал Сангийн Далайн хийд буюу Дамбадаржаалин хийд.
Угтаал сангийн далай хийд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын төвд оршдог. Эл хийдийг 1810 он буюу Түгээмэл Ерөөлтийн 3-р онд байгуулж, Буддын шашныг мандуулж, түмэн амьтныг амар тайван байлгах зорилгоор Цогчин дуганыг 1919 онд барьж байгуулжээ. Түшээт хан аймгийн Говь Түшээ гүнгийн хошууны Тотьгальдаа /гарын дарга/ гэгч хүн Цогчин дуганы өмнө 1-2 км-ийн зайд байдаг ундраа сайтай Сангийн далай гэдэг нэртэй усанд адуугаа усалж, Хар бутангийн дэнж дээр хомын байшин бариулснаар Сангийн далай хийд гэж ард нийтэд нэрлэгдэх болсон домогтой. Цогчин дуганыг бариулсны дараа YIII Богд Жавзандамбад өргөж, түүний айлтгаснаар Жапүтэй /айлтгалтай/ сүм хэмээн Дамбадаржаалин /шашныг бадруулагч/ гэж нэр хайрласан байна. Сангийн далай хийдийн Цогчин дуган нь 10 сүм дугантай, 300 лам хурдаг, цам тоглодог гол дуган байжээ. Цогчин дуганг бариулах хөрөнгө мөнгийг Даншуур жасаас буюу өглөгийн эздийн өргөл бадрын мөнгөөр бариулж, барилгын мод, шавар шохойг нутгаас нь бэлтгэн хөх тоосго, хөх ваар, чимэглэлийг хиисэн байна.
"Угтаал Сангийн Далайн хийд буюу Дамбадаржаалин хийд." цааш унших »
Толь Хад

Ноён сумын төвөөс баруун хойш 7км зайд замын дэргэд Толь хад оршино.  Хадан цохионы урд тавцанг тэгшилж зассан бөгөөд эргэн тойронд нь хадаг яндар уясан нь холоос тодорхой харагдана. Толь хад нь зүүн хойшоо харсан байрлалтай 2.5 х 10 метрийн харьцаатай гялгар хар өнгөтэй хадан цохио. Хадан цохион дээр шууд очоод эгц харвал юу ч харагдахгүй, харин хаданд нь хацраа наагаад харвал алсад орших уулс, хөх тэнгэр, үүл харагдана. Нутгийн хүмүүсийн дунд Ноён Богд уул, Хатан Сэврэй уул, Толь хадны тухай домгийг ам дамжуулан ярьсаар бидний үеийг хүрчээ.  Хэдийгээр Толь хадыг хүмүүс хайрлан хамгаалж ирсэн ч 1970-аад онд Гурвантэс суманд байрлаж байсан Зөвлөлтийн цэргийн ангийн орос цэргүүд автомат буугаар буудснаас болж энд тэндээ эмтэрч сүрхий гэмтсэн гэж нутгийнхан ярьдаг.

 

Онгийн хийдийн тухай.
Онгийн гурван хийд гэж түүхэнд алдаршсан эдгээр хийдүүд нь халхын Түшээт хан аймгийн Түшээ гүний хошууны нутаг Онгийн голын эрэг орчмоор Одоогийн Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутаг Цогт-Уул хэмээх газар оршдог - GPS солибцол N45°20'12" E104°00'39".  Онгийн хийдүүдийн хамгийн хойд талын хийдийг "Гүндүнжамбаолин" буюу Барь ламын хийд голын баруун урд эрэг дээрхи хийдийг "Дашцэпэллин" буюу Хутагт ламын хийд, Чандмань уулын энгэрт байрлах хийдийг Ганданшадрүвлин буюу Хошуу хийд гэж тус тус нэрлэдэг. Хутагт ламын хийд нь 1750- аад оны үед байгуулагдсан байна. Тус хийдийг Говийн номч мэргэн хутагт Ишдонилхүндүв хэмээх хувилгаан лам шавыг тавьж үүсгэн хөгжүүлсэн юм. Хутагт ламын хийд нь 1937-аад оноос өмнө 11 дугана, 9 жас, 4 дацан, 300-аад ламтай байжээ. Дөрвөн дацан нь Жүд, Чойр, Дүйнхор, Манба зэрэг байжээ. Гол шүтээн нь Жамсран буюу шашныг хамгаалан сахигч 10 хангал сахиусны нэг Улаан сахиус юм. Зуны дунд сарын шинийн 6,7,8,9-ний өдрүүдэд цам гарах бөгөөд 100 гаруй төрлийн цам гардаг байжээ.
"Онгийн хийдийн тухай." цааш унших »
Ариунболдын хүсэлтээр зарим газруудын GPS солибцолыг нийтлэв.

Нэрс

Координат

Байршил

Өөш Манхан

N 44° 41' 42.4", E 107° 3 ' 58.9"

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг.  Бөөрний сувиллын газар ажилладаг.  Мөн Өөш Манхан тур жуулчны бааз ажилладаг.

Загийн усны хоолой

N 44° 38' 2.3 ", E 107°15' 57.7"

Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг.  Байгалийн нөөц газрын зэрэглэлээр улсын хамгаалалтанд авсан.  

Загийн усны худаг

N 44° 34' 28.4", E 107°11' 29.9"

Гурвантэсийн давсны артель

N 43° 24' 50.1", E 101°35' 11.3"

Гурвантэсийн хоолойн давсны артель.  Давс олборлох газар.

Гурвантэс сумын төв

N 43° 14' 2.1 ", E 101° 3 ' 3.6 "

 

Нэмэгтийн Улаан хонгил

N 43° 30' 0   ", E 101° 3 ' 48.4"

Динозаврын гайхамшигт олдворуудыг хадгалсан цав.

Ноён сумын төв, Толь хад

N 43° 9 ' 12.5", E 102° 7 ' 39.9"

Ноён сумын төвөөс баруун хойш 7км зайд замын дэргэд Толь хад оршино.  Толь хад нь зүүн хойшоо харсан байрлалтай 2.5 х 10 метрийн харьцаатай гялгар хар өнгөтэй хадан цохио.  Эрт галавт уул цогцлон тогтох хөдөлгөөнөөр том цохио чулуу, өнхөрч гулсан бусад чулуулагтай хавирч vрэлдсэнээс ийнхvv гялалзсан толь шиг болсон гэж судлаачид vздэг.

Чойдогийн Боргио

N 48° 13' 55  ", E 100° 26' 9.1 "

Чулуут, Их Жаргалантын голуудын бэлчирт ойрхон орших 2 метр орчим эгц хадан босго руу буудаг хүрхрээ.

Цонжийн Чулуу

N 45° 58' 55.2", E 111°26' 10.6"

Хvний гараар бvтсэн зургаан талт баганууд мэт тогтсон хvрмэн байц хад Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын нутагт байдаг. Тvvнийг нутгийн ардууд цонжийн чулуу гэнэ.

Галуутын Хавцал

N 46° 36' 32.9", E 99 ° 58' 17.4"

Олгой нуураас Галуут гол урсан гарах 2 км орчим урт 100-150 м өндөр нарийн хавцал.  Хавцалын өргөн дунджаар 10 м.  Нарийн газраа 3 м орчим өргөн.

N 46° 34' 31.8", E 99 ° 59' 3.6 "

Хомын хоолой

N 47° 49' 59.6", E 93 ° 15' 42.2"

Их нууруудын хотгорын Хар нуур, Дөргөн нууруудыг холбож хоолойг Хомын хоолой гэнэ.  Зарим сурвалжид нуурын хоолой гэсэн байдаг. Энэ солибцол Хомын хоолойн баруун эрэгт буй худгийн солибцол.

Байрзүйн зургийн нэрлэл буюу нэрэлбэр.
Дэлхийн бөмбөрцөгийн газрын гадаргууг болон газар орон дээрхи обьектийг зурагт буулгахад маш олон тооны хуудас зураг бий болно.  Эдгээр олон тооны хуудас зургаас өөрийн хэрэгцээтэй зургийг хялбархан олж авахын тулд зургийн хуудас бүрийг тусгай тогтоосон үсэг ба тоогоор нэрлэдэг.  Үүнийг зургийн нэрлэл буюу нэрэлбэр гэдэг.  Байрзүйн зургийн нэрэлбэр нь олон улсын стандартаар тогтоож өгсөн олон улсын нэгдсэн систем юм. Зургийн нэрэлбэрийг  зургийн хуудас тус бүрийн дээд талын хүрээний баруун буланд нь эсвэл дунд талд нь бичиж өгнө.  Мөн тухайн хуудас зурагт багтсан томоохон хот суурин, уул толгод, гол мөрөн, нуур зэрэг онцлог газрын нэрийг хаалтан дотор, нэрэлбэрийн хойд талд тус зургийн нэр болгон бичиж өгнө.  Жишээ нь K-42-12 (Оюу Толгой) гэх мэт.
"Байрзүйн зургийн нэрлэл буюу нэрэлбэр." цааш унших »
Явган аялал - Аялал төлөвлөлт зохион байгуулалтын тухай миний бодол
Trekking Mongolia-Mongolia ExpeditionsЯвган аялал - Монгол оронд хамгийн хөгжих боломжтой, нөөц ихтэй аяллын төрөл юм.  Монголын аялал жуулчлалын компаниудын бүтээгдэхүүнүүдийг судалж үзэхэд Монголын нутагт хийж буй явган аяллуудыг бүс нутгаар нь Алтайн нурууны, Хангай нурууны, Хэнтий нурууны, Хөвсгөлийн уулсын, Говийн бүсийн гэж хувааж болох юм.  Дээрхи бүс нутгуудад голчлон явган аялалууд зохион байгуулагдаж байна.  Алтайн нурууны Таван Богд уул, Хотон хурган нуурын орчим, Цамбагарав, Хөх Сэрхийн нуруу, Хархираа Түргэний уулсаар баруун бүсийн явган аяллууд голчлон явагддаг.  Хангай нуруунд бол Отгонтэнгэр уул, Эрхэт хайрхан, Найман нуур, Суварга хайрхан, Тэрхийн цагаан нуурын орчим бүс нутагт явган аяллууд явагдаж байна. Дархадын хотгор, Улаан тайга, Зүүн баруун тайга, Хөвсгөл нуур, Хорьдол Сарьдагийн уулсаар Хөвсгөлийн уулсын голлох явган аяллууд зохион байгуулагддаг бол Хэнтий нуруунд Асралт хайрхан, Алтан Өлгий, Хагийн хар нуурын чиглэлүүдэд голдуу явагдаж байна.
"Явган аялал - Аялал төлөвлөлт зохион байгуулалтын тухай миний бодол" цааш унших »
GPS хүлээн авагчаар газарзүйн солибцол тодорхойлох, явсан замыг системд бүртгэж хадгалах.
 GPS хүлээн авагчаар (i) газарзүйн солибцол тодорхойлох, (ii) явах замыг системд бүртгэж хадгалах GPS хүлээн авагч нь сонгосон цэгийн байршилийг тодорхойлох, сонгож хадгалсан цэгийн чигийг заахаас гадна, хөдөлгөөнийн үед явж буй замыг тэмдэглэн системдээ хадгалж явдаг. GPS хүлээн авагчаар (i) газарзүйн солибцол тодорхойлож, тухайн цэгийг тэмдэглэхдээ доорхи дэс дарааллыг баримтална. -      GPS-ийг сонгосон цэг дээрээ байрлуулж, GPS дээрхи pwr товчийг гурван секунд дарж асаана. -      GPS нь хиймэл дагуулаас илгээх дохиоллыг хүлээн авч дуустал (цаг агаарын байдлаас хамааран дээд тал 14-15 минут) хүлээнэ. -      GPS нь хиймэл дагуулын дохиог хүлээн авч сонгосон цэгийн байршилийг газарзүйн солибцлоор тодорхойлж гаргана.  Мөн далайн түвшнээс хэдэн метрт байгааг нарийвчлан зааж харуулна. -      Солибцлыг хадгалахын тулд page товчийг дарж меню цэс рүү орно.  Меню цэснээс Mark гэснийг сонгож enter товчийг дарж орно.  Энд тухайн цэгийн байршилд нэр (Жишээ нь: Шатахуун түгээгүүр г.м.) өгөхийн сацуу утгыг даруй илэрхийлэх дүрсийг (шатахуун түгээгүүрийн станцийн зураг) сонгон авч цэг дээр зоож өгдөг давуу талтай. -      Сонгосон цэгийн нэрийг өгч ОК товчийг дарж хадгална.   (ii) явах замыг системд бүртгэж, хадгалахад дээрх үйлдлийг хийгээд үргэлжлүүлэн: -      Системийг асаалттай үлдээснээр дараагийн очиж тэмдэглэх цэг хүртэлх явсан замыг тэмдэглэж хадгалдаг. Дараа нь тухайн явсан замаа том, жижиг масштабаар эргэн харж болдог.    GPS хүлээн авагчаар сонгосон цэгийн чиглэлийг барьж явах GPS-ийг хэрэгтэй нөхцөлд ашиглахаар авч явахаасаа өмнө дайрч өнгөрөх, очих цэгүүдийн солибцлийг дээрх байдлаар урьдаас оруулан, системд хадгалж болдог.  Тухайн очих цэгийг системээр хайхдаа доорхи үйлдлийг дараалан хийнэ: -      GPS -ийн page товчийг дарж меню цэс рүү орно.  Меню цэснээс waypoint гэснийг сонгон enter товчийг дарж орно. -      Сонгосон цэгийн нэрийг сонгож enter товчийг дарна. GPS хүлээн авагч - E-treks-      Дараагийн хуудсанд сонгосон цэг рүү явах go to гэсэн сонголтыг сонгож enter товчийг дарна.  Ингэснээр сум гарч ирж чиглэх ёстой зүгийг зааж өгдөг.  Гэхдээ замд учрах уул, гол гэх мэт саадыг тойрох замыг заалгүйгээр зорьсон зүгийг чиглүүлэн заах тул (i) уул, толгод, гол зэргийг даваа, гарамаар нь чигээс ангид тойрч явах ёстойг анхаарах, (ii) шулуун шугамаар чигийг зааж буй тул зайн нэгжид, тухайлбал километрийн зөрөө гарахыг анхаарах хэрэгтэй. Мөн системийг асаавал нүүр хуудсанд нь (i) луужин байх бөгөөд, (ii) оршин байгаа цэгийг д.т.дээш хэдий өндөрт байгааг зааж, (iii) явж буй хурдыг тодорхойлдог.  
"GPS хүлээн авагчаар газарзүйн солибцол тодорхойлох, явсан замыг системд бүртгэж хадгалах." цааш унших »
GPS системийн тухай
GPS систем нь дэлхийн аль ч цэгт байгаа GPS хэрэглэгчийн байрлалыг 3 хэмжээсээр (уртраг, өргөргийн солибцол болон байршилийн өндөр) тодорхойлох сансрын хиймэл дагуулуудын цогц систем юм.  GPS систем нь доорхи гурван хэсгээс бүрдэнэ. -      Сансарын хэсэг -      Газрын хяналтын хэсэг -      Хэрэглэгчийн хэсэг GPS системийн цэгийн байршилийг тогтоох үйл ажиллагаа нь хоногийн 24 цагийн туршид, дэлхийгээс 7,440 км зайд хоорондоо 60 хэмийн өнцгөөр байрлах 6 тойрог замаар эргэх нийт 24 хиймэл дагуул, газрын хяналтын таван станцын тусламжтайгаар явагдана.  Цэргийн зориулалтаар ашиглаж байсан энэ системийн үйлчилгээг орчин үед иргэний болон арилжааны чиглэлээр өргөн ашиглах болов.  Энэ системийн үйлчилгээ нь төлбөргүй бөгөөд хэрэглэгчийн тоонд хязгаар тавидаггүйгээрээ онцлог юм. GPS системийн үйлчилгээ нь объектын байрлал, хөдөлгөөний хурдыг тодорхойлохоос гадна сонгосон чиг, чиглэлийг заах үүргийг гүйцэтгэдэг.  Ямар нэгэн объект эсвэл хүмүүсийн байгаа байрлал, цаг хугацааг тодорхой мэдэх шаардлагатай хэн болов ч GPS системийн үйлчилгээнээс мэдээлэл авах боломжтой. GPS-ээр хүлээн авсан мэдээллээр газрын зураглал, замын зураглал хийх, нэг цэгээс нөгөөд хүрэх чиглэлийг заах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах, урьдчилан тодорхойлсон чухал хэрэгцээт цэгийн байрлалыг сануулах, газрын зурагт оруулах зэрэг маш олон зорилгод ашиглаж болно.
"GPS системийн тухай" цааш унших »
Байр зүйн зургийн тухай товч ойлголт.
Байр зүйн шинжлэх ухаан нь дэлхийн гадаргуугийн тэгш бус бүх хэлбэр дүрс, гадаргуу дээр оршиж буй байгалийн болон орон нутгийн бодит зүйлсийг математикийн тодорхой хуулийн дагуу цаасан дээр хавтгайн байдалд тусгай таних тэмдгээр дүрслэн үзүүлэх бүх аргуудыг судалдаг шинжлэх ухаан юм.  Байр зүй нь шинжлэх ухааны биеэ даасан салбар бөгөөд маш эртний шинжлэх ухаан юм. Байр зүйн буюу топографийн зураг гэдэг нь газрын гадаргуугийн үндсэн элементүүдийг маш нарийвчлалтай тодорхой үзүүлсэн газрын зураг юм.  Топография гэдэг нь газар орныг зурж бичих гэсэн утгатай грек үг юм.
"Байр зүйн зургийн тухай товч ойлголт." цааш унших »
Mongolian Embassies, and Consulates in the world.
Монгол улсаас гадаад улс оронд ажиллаж буй элчин сайдын яам болон өргөмжит консулын газруудын холбогдох хаяг, холбоо барих мэдээллүүдийг дор нийтлэв. Mongolian Embassies, and Consulates in the world:
Find out the addresses of Mongolian Embassies, Consulates and Missions which are located around the world.
"Mongolian Embassies, and Consulates in the world." цааш унших »
Сөөгтийн агуй - Монголын хамгийн гүн агуй.

Сөөгтийн агуйСөөгтийн агуй нь Хэнтий аймгийн Дадал сумын нутаг Галтайн голын цутгал Сөөгтийн голын хөндийн баруун гар талд Живхээстэйн голын зүүн салаанд орших хадархаг уулын ар шилд хүний нүдэнд харагдахааргүй газарт оршино. GPS солибцол: N 49°10' 18", E 110°58'40", д.т.дээш 1199 метр.  Сөөгтийн агуй нь 70 орчим метр урт, босоо тогтоцтой агуй юм.  Энэ агуй нь монгол нутагт мэдэгдэж босоо тогтоцтой агуйнуудын хамгийн гүн агуй юм.  Сөөгтийн агуйг зарим ном болон guidebook-т Галтайн агуй гэж нэрлэсэн байх нь бий.  Сөөгтийн агуйн ерөнхий урт нь 72 метр урт, гүн нь газрын гадаргуугаас 45 метр төгсөх бөгөөд хөндлөнгөөр 36 метр үргэлжилнэ.  Уг агуйд салаалсан хонгил нүх байхгүй.  Агуйн адарт том жижиг нүх сүв элбэг, заримаас нь ус дусалж мөсөн унжлага тогтсон байдаг.  Агуйд унжуу болон ургаа бана ажиглагдаагүй.  Агуйн ерөнхий хэлбэр нь хүүдий маягтай.  Хүүдий маягийн босоо агуйд агаарын солилцоо муу явагддаг учраас хорт хий үүсэх боломжтой байдагийг анхаарахад илүүдэхгүй биз.  Ялангуяа зуны улиралд агаарын солилцоо зогсож хорт хийн хуримтлал бий болох талтай.  Уг агуйд зуны улиралд хүрэхэд нэн бэрх. Өвлийн улиралд очвол зүгээр байдаг.   Агуйд орохдоо аюулгүй байдлыг сайн хангаж орох хэрэгтэй.  Агуйн аманд машинаа ойртуулж машинаас бэхэлгээ хийж орвол зүгээр. Ганц нэгээр эл агуйд орох боломж байхгүй. Уг агуй нь улсын хилд маш ойрхон учир газар сайн мэддэг хүнээр газарчлуулж очих хэрэгтэй. Мөн хилийн зурваст зорчих зөвшөөрлийн бичгийг хилийн цэргийн удирдах газраас авах хэрэгтэй. Уг агуйд анх 1988 онд ШУА-ийн дэргэдэх Хангай-Говь багийнхан орж хэмжээ, эзэлхүүнийг нь тогтоож паспортжуулсан гэдэг.

 

Алмас - Хүн гөрөөсний тухай баримтууд
Хүний үүсэл хөгжлийн талаар эрдэмтэд өнөөг хүртэл судалсаар ирсэн билээ. Түүний дотор алмас буюу хүн гөрөөсний тухай ам дамжсан яриа хөөрөө дэлхийн олон улс оронд байдаг билээ. Алмасны тухай эрт эдүүгээгийн олон ном сударт дурдагдсан байх юм.  Алмас бол хүн үүссэг цагаас эхлэн хүнтэй зэрэгцэн амьдарч, байгалийн урт хугацааны шалгарлын явцад дэлхий дээр устан үгүй болж буй хүн төрхт нэгэн зүйлийн  зэрлэг садан төрөл юм гэсэн таавар эрдэмтдийн дунд байдаг.  Эртний дорно дахины судар шастирт алмасыг " сан шин" " рийдэг саншин" гэж тэмдэглэсэн байх ба энэ нь хүн гөрөөс гэдэг утга илэрхийлдэг байна.  Хадны сүг зурагт алмасыг аргаль, янгир, буга, гөрөөс даган явж буй байдлаар дүрсэлсэн байх нь олонтаа.   Монголчууд эртнээс л хүн гөрөөс алмасны талаар мэддэг ард түмэн байжээ.  Алмасыг монголчууд хүн гөрөөс, өвөг гөрөөс, хүн хар баавгай, хүн хар гөрөөс, хүн аюу, хар авхай, загийн шар эмгэн гэх мэтээр заавал хүнтэй холбон нэрлэдэг байсан байх юм.  Монголд алмас хэмээх хүн гөрөөсийг хайж дорвитой судалгаа хийсэн хүн бол Равжирын Равжир юм. Тэрээр алмасын мөрөөр Монгол Алтайн нуруугаар 1340 хоног аялж олон арван домог, хууч яриануудыг цуглуулж, хэд хэдэн удаа алмасны мөрийг олж хэвжүүлж буулган авсан байдаг бөгөөд тэрээр гурванч удаа алмасыг харсан гэдэг.  Равжир өөрийн судалгааны ажилын үр дүнгээ нэгтгэн "Алмас сурвалжилсан тэмдэглэл" " Энэ хүн мөн үү" хэмээх ном хэвлүүлсэн байдаг.  Түүний Алтайн нуруунд явуулсан судалгааны ажлыг БНМАУ-ын ШУА түүн дотор академийн ерөнхийлөгч Б. Ширэндэв, Б. Ренчин, доктор Д. Майдар гуай нар ил далдуур дэмжиж, горьдлого тавьж байжээ.  Алмасыг барихын тулд бүр Сайрын уулыг цэргээр бүслүүлэхийг хүртэл оролдож байсан гэдэг яриа Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын хөгшчүүлийн дунд байдаг. 
"Алмас - Хүн гөрөөсний тухай баримтууд" цааш унших »
Шар Ханангийн агуй

Дундговь аймгийн Өндөршил сумын нутаг  Өлзийт Өндөр модот уулын ар шилд 1400 метрийн өндөрт, N45 35'0.7", E108°19'14.1" солибцолд, хөндийлжийн гаралтай Шар Ханангийн агуй оршино.  Агуйн ам холоос харагдахгүй.  Агуйн аманд тулж ирэхэд сая харагдана.  Агуй нь зэргэлдээ байрласан том жижиг хоёр амтай.  Агуйн нийт урт нь 170 метр, хэвтээ босоо хосолмол тогтоцтой.  Агуйн амаар орж  10 гаруй метр уруудвал 10-аад метр өндөр, 20 гаруй метр өргөнтэй танхимд орно.  Агуй дотроо баруун зүүн зүг салаалсан үндсэн хоёр хонгилтой.  Түүний нэг нь 56 метр, нөгөө нь 90 метр урт.  Агуйн адарт жоншны талстууд гэрэлд солонгорон харагдана.  Энэ агуйд судалгаа хийсэн Ю.М. Морвиль, С.И. Рассказчиков, Д.И. Сагалуев нар Шар Ханангийн агуй, Хэцүү Тээгийн агуйн шохой чулууг 600 сая жилийн настай гэж тогтоожээ.  Шар Ханангийн агуй руу орох цооног 70° орчим градусын налуутай тул агуйд орохдоо мэргэжлийн багаж хэрэгсэл, олс, карбин, бэхэлгээ сайн хийж орох хэрэгтэй.

Богд Очирваань Отгонтэнгэр уулын тухай товчхон
  Богд Очирваань Отгонтэнгэр уулБогд Очирваань Отгонтэнгэр уулыг Монголчуудыг эрхшээн тэтгэгч Догшин Их Бурхан Богд Очирвааны дүр гэдэг. Отгонтэнгэр уулыг Бурхан багшаас замбуулинд хайрласан таван их тэнгэр уулын отгон нь гэсэн домог ч байдаг байна. Тэнгэрийн цэнхэрлэгт бүтсэн, сэтгэлийн цэнхэрлэгт оршсон, мөнхжин­гийн цаглашгүйд амьсгалсан язгуур дээд Очирваань мон­гол хүн бүхнийг өлгий дээрээ инээмсэглэн тосон авч ав­рал­даа багтаадаг байна. Очирваань бурханыг нэгэн үзүүрт сэтгэлээр сүсэглэн явбаас сүсэглэсэн хүнийг есөн үед нь элбэрлийн сахиу­сан­даа авран хамгаалдаг. Монголчууд яагаад Алтайн сүрлэг цаст оргилыг төрийн хэмжээнд тахидаггүй мөртлөө Отгонтэнгэр уулыг Хан Хэнтий уулын адил төрийн хэмжээнд эртнээс тахиж ирсэн юм бол?...Яагаад Отгонтэнгэр... Богд Очирваань гэж нэрлэсэн юм бол?... Отгон­тэнгэр хэмээх энэхүү нэр үе үеийн бич­гийн мэргэдийн оюун бодлын түлхүүрийг үл амраажээ.  Энэхүү нэрийн учир шалтгааныг сонирхон судалбаас дараах таамаглалууд урган гарч ирдэг. 
"Богд Очирваань Отгонтэнгэр уулын тухай товчхон" цааш унших »
Нарны бүтэн хиртэлт - Монгол 2008
2008 оны 8-р сарын 1-нд Гринвичийн цагаар 11 цагт, орон нутгийн цагаар 18 цагт нарны бүтэн хиртэлт боллоо. Энэ удаагийн нарны бүтэн хиртэлт  Канад ул­сын нутаг дэвсгэрээс эхлэн Грийнланд, Орос, Монгол Ул­сын газар нутгийг дайран Хятадын нутагт дууслаа. Нарны бүтэн хиртэлтийн гол шугам Баян-Өлгий аймгийн Улаанхус, Алтай, Булган, Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумдын нутаг дэвсгэрийг дайран өнгөрсөн.  Манай орныг дайран өнгө­рөх нарны бүтэн хиртэлтийн гол шугамын бүсийн өргөн нь 240 км байлаа.  Нарны хиртэлт гэдэг одон орны нэгэн сонирхолтой үзэг­дэл нь сарны хавтгай нарыг халхласнаар конус маягийн сүүдэр дэлхийн гадаргуутай огтолцсоноор үүсдэг.  Нарны бүтэн хиртэлтийн үед нарны агаар мандлын хамгийн гадна талын дав­хар­га болох титэм тод ялгаран харагддаг. Нарны титэм сул эрчимтэй цацраг гаргадаг тул энгийн үед нарны гэрэлт мандлын гэрэлд дарагдан харагддаггүй бөгөөд нарны бүтэн хиртэлтийн үед л ажиглах боломжтой байдаг. 
"Нарны бүтэн хиртэлт - Монгол 2008" цааш унших »
Хүнхэрийн агуйнууд эмчилгээний ач тустай.

Говь-Алтай аймгийн Жаргалан сумын нутаг Хасагт Хайрхан уулын Хүнхэрийн аманд Амны, Мухарын гэж сонирхолтой хоёр жижиг агуй бий. Мухарын агуйд толгой, элэг, уушиг, нvдний өвчинд тустай рашаантай бол  Амны агуйд ходоод, бөөр, эмэгтэй хvний саванд тустай рашаантай хэмээн нутгийн хөгшчүүл ярьдаг.  Агуйн рашааныг  эрт үед ууланд даяан хийж суусан нэг лам олж нээн хvмvvст хvртээн тусалсан гэдэг. Хүнхэрийн ам нь уул ус жигдэрсэн үзэсгэлэнтэй газар тул 1960-аад оны дундуур Хүнхэрийн аманд нэгдэл дундын амралтын газар байгуулж, рашааныг нь эмчилгээ сувилагаанд ашиглах болсон.  Мухарын агуй доторхи чулуунуудыг шимэхэд  аманд ус ордог нь сонин санагдсан.  Энэ агуйг шүтэж рашаан усыг хүртэж эдгэрсэн хүмүүс олон байдаг. Хүнхэрийн агуйн усны талаар дорвитой судалгаа хийж хүмүүст хүргэн , тайлбарлан таниулж, эмчилгээнд өргөн ашиглавал зүйтэй санагдана.  Эдгээр агуйнуудын талаархи мэдээлэл хомс байдаг. Хүнхэрийн агуйнууд байрлах  уулын амны солибцол N46°46'17.1", E95°58'57  " оршино.

 

Бага Түргэний хүрхрээ - 36 м өндөр

Баян-Өлгий аймгийн нутаг Хотон Хурган нуурын баруун эрэг, Түргэний уулсын дунд хэд хэдэн үзэсгэлэнтэй сайхан хүрхрээнүүд байдгийн дотроос Бага Түргэний амны хүрхрээ нь хамгийн өндөрт тооцогдоно.   Бага Түргэний хүрхрээ нь  36  метрийн өндөр эгц цавчим хаднаас  2 шатлалтайгаар  их, бага хоёр хүрхрээ үүсгэн унадаг.  Их хүрхрээний өндөр нь 23 метр, Бага Хүрхрээний өндөр 13 метр байна.  Бага Түргэний хүрхрээний GPS солибцол - N 48° 30' 28.2", E 88 ° 21' 50.3".  

Бага Түргэний доод хүрхрээ

Монголын хүрхрээнүүдийн тухай дэлгэрүүлэн уншихыг хүсвэл энд дар:

Богд Очирваанийн мөнхийн ус - Отгонтэнгэрийн халуун рашаан

Бага Отгонтэнгэр уулын ар бэл Завхан аймгийн Алдархаан сумын нутагт анагаах хосгүй чанартай, гидро карбонат, сульфатын найрлагатай халуун рашаан байдаг. З1 ундарга бүхий уг рашааны халууны хэм нь 40-55 байна.  Энэхүү рашааныг 8-р зууны үед Орхоны түрэгүүд эмчилгээ сувилгаанд ашиглаж байсан тухай Тан улсын үеийн судар бичгүүдэд дурдсан байдаг.  Отгоны халуун рашааныг монголчууд Очирваанийн мөнхийн ус, Богдын рашаан гэж нэрлэсээр ирсэн түүхтэй. Эл рашаан нь N 47° 48' 11  ", E 97 ° 33' 38.2" солибцолд, далайн тvвшнээс дээш 2510 метрт оршдог.  Уг рашааныг одоогоор ваннанд орох хэлбэрээр ашигладаг.  Уг халуун рашаан дотор нэгэн сонирхол татахуйц рашаан байдаг.  Энэ нь Хийморийн рашаан юм.   Бид ч энэ хийморийн рашаанд орсон.  Чухам яагаад ингэж нэрлэсний учрыг асуухад даанч мэдэх хүн байсангүй.  Рашааны хавь могой ихтэй.  Хэрэв ршаанд орж байх үед рашаан усанд могой орж ирвэл ихэд билэгшээдэг юм гэнэ лээ.  Рашаанд орж ирсэн могой хүний биеийг ороож бүх өвчин зовиурыг нь авч илиаршуулсан тохиолдлуудын тухай яриа хөөрөө энд зөндөө байх юм.  Энэ рашаанд социализмийн үед рашаан сувилалын газар байгуулж зундаа хүмүүс хүлээн авдаг байжээ.  Одоо ч энэ рашааныг зорин ирэх хүмүүс их байдаг.  Рашаан нь мэдрэлийн гаралтай өвчин, эмэгтэйчүүдийн зарим өвчин, арьсны элдэв харшилыг эмчилэхэд сайн нөлөөтэй гэж рашааны манаач залуу ярьж байв. Рашааны ундарга булгууд дээр жижиг модон байшин барьж, дотор төмөр ванн таьсан байдаг.  Төмөр ваннууд нь зэвэрч шарласан, бохир харагдаж байсан бага зэрэг сэжиглэх сэтгэл төрүүлж байсан.  Уг хөрөнгө мөнгө хаяаад тохижуулж авбал өөрийн өртгөө хурдан нөхөөд ашигтай ажиллаж болохоор юм шиг л санагдаж байсан.  Жаахан сэтгэл гаргах хэрэгтэй юм даа, завханчуудаа.

Вансэмбэрүү - Тэнгэрийн цэцэг
ВансэмбэрүүВансэмбэрүү цэцэг нь ихэвчлэн 3000 метрээс дээш өндөрт уулын таг царманд, хад асганы дунд ургадаг.  Ван­сэм­бэрүү цэцгийг монголчууд эртнээс тэнгэрийн цэцэг хэмээн хүндэтгэн үздэг билээ.   Эрсэн, хайсан хүнд тийм ч амархан олдохгүй. Үзэгдэх хүндээ л үзэг­дэнэ.  Хосоороо ургадаг цэцэг бүлгээ. Дэлбэгэр том том цагаан дэлбээт цоморлиг дундаа хүүхдийн зулай мэт зөөлөн бүлээн хүрэн толгой­той. Атганд багтахгүй бүдүүн но­гоон иштэй. Үн­дэс­нээс эхлээд ишээ дагаж уртсан ургасан гонзгойвтор өргөслөг хүрээтэй, навч нь шүүслэг нойтон байдаг. Эрт цагаас оточ маарамбууд эмийн цэцгийн сор болгон тунгаар хэмжин өвчин зовлонтой хүн ардыг  тэтгэн тэнхрүүлж ирсэн. Вансэмбэрүүг эрт үеэс эм тан хийх зорилгоор нилээд түүдэг байжээ.  Орчин үеийн анагаах ухаан төдийлөн сайн шинжлэн судалаагүй боловч дорнын анагаах  ухаанд амьсгалын замын өвчинүүдийг анагаахад өргөн хэрлэдэг.  Хүмүүсийн буруутай үйл ажиллагааны үр дагавраас болж энэ ургамлын нөөц эрс хомсдон ховордож монгол нутагт бүр мөсөн устаж болох нөхцөл бүрдсэн байна.
"Вансэмбэрүү - Тэнгэрийн цэцэг" цааш унших »
Өлгий хийд ба сөнөсөн хотын түүх
Өлгий хийдДорноговь аймгийн Мандах сумын нутагт эртний түүхт, тухайн үедээ Монголын говь нутагт эрдэм номыг түгээн дэлгэрүүлж байсан соёлын нэгэн төв бий.  Эл төв нь Өлгий хийд буюу сөнөсөн хот юм.   Монголын нутагт сөнөж мөхөж устсан олон арван хот суурингууд байдаг ч тэдгээрийг сөнөсөн хот гэж нэрлэдэггүй бөгөөд гагцхүү энэ хийдийг сөнөсөн хот гэж нэрлэдэг байна. Сөнөсөн хотын талаар хүмүүс их сонирхож асуудаг боловч энэ талаархи материал маш хомс байдаг. Энэ хийд нь 1745 онд байгуулагдаж 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үед устгагдсан байдаг. Өлгий хийд нь ид хөгжилийнхөө үед 1000 гаруй ламтай, таван дацантай говийн томоохон хийдүүдийн нэг байжээ.  Өлгий хийд нь Өлгий уулын бэлд уул руугаа шахаж баригдсан,  баруун хойд талд нь Баян-Улаан хайрхан уул, зүүн хойд талд нь Хорго хайрхан уул , урд талд нь Эргэлийн зоо, баруун хойд талд нь Баян -Улааны рашаан Халзан булагаар хүрээлэгдсэн.  Хийдийн гол цогчин дуганы ард Даяанчийн агуй гэж нэг жижиг агуй бий.  1920-иод оны эхээр Монгол нутгаар аялж байсан америкийн судлаач Рой Эндрюс Чэпманы Төв Азийн 3-р экспедицийн авсан фото зургийн хальсанд энэ хийдийн зураг үлдсэн байдаг. Өлгий хийд 1922 од
"Өлгий хийд ба сөнөсөн хотын түүх" цааш унших »
Сэндэртийн агуй.
Sendertiin cave - Mongolia ExpeditionsБаянхонгор аймгийн Заг сумын нутаг Хөх Хайрхан ууланд Сэндэртийн агуй гэж 70 орчим метр урт, шохой чулуун тогтоцтой,  хөндийлжийн гаралтай агуй бий.  Агуйд салаа салбар байхгүй.  Агуйн мухарт сэндэр шороо байдаг. Нутгийн хүмүүс агуйгаас уг шороог авч эмчилгээнд ашигладаг. Сэндэр шороог түлэнхий болон яр шарханд түрхэж хэрэглэхээс гадна, цусны даралт ихэссэн үед ууж хэрэглэдэг гэж нутгийн хүмүүс ярьж байлаа. Сэндэртийн агуйгаас холгүй Халиутын рашаан гэж гидро карбонатын найрлагатай хүйтэн рашаан байдаг.  Халиутын рашаан ойр орчимд Ламын агуй, Чихний рашаантай агуй, Далан тэмээ ачаа багтаадаг агуй гэж хэд хэдэн томоохон агуйнууд бий.  Сэндэртийн агуйн солибцол: N46°37'19.8",E99°12'11.6",  Далан тэмээ ачаа багтаадаг агуй: N46°44' 56.6", E99°19'27 ", Чихний рашаантай агуй: N46°45'19.3", E99°19' 20.1 " солибцолд тус тус оршино.
"Сэндэртийн агуй." цааш унших »
Амарбаясгалантын хийд
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын  нутаг үзэсгэлэнт Бүрэнхан уулын өвөрт, Ивэн голын хөндийд Амарбаясгалантын хийд оршино.  Улаанбаатар хотоос 360 км, Эрдэнэт хотоос 110 км, Дархан хотоос 140 км.  Амарбаясгалантын хийд нь 1930-аад оны их хэлмэгдүүлэлтийн үед Сталин, Чойбалсангийн хэт хувьсгалч гар хөл бологчдийн эвдэн сүйтгэж нураахаа мартсан цөөхөн сүм хийдүүдийн нэг юм.  Гэхдээ энэ нь их хэлмэгдүүлэлтийн хар сүүдэр дайраагүй өнгөрсөн гэсэн үг биш шүү, зөвхөн хүйс тэмтрэхээ л мартчихсан юм.  1937-1938 оны хооронд тус хийдийн шашны өндөр зэрэг дэвтэй лам нарыг нь цаазалж, 200 гаруй жил хураан бий болгосон ном зохиол, бурхан тэргүүтнийг устгасан байдаг.  Эл хийдийг 1944 онд улсын хамгаалалтад авсан боловч аж ахуйн зориулалтаар 1990 оныг хүртэл ашиглаж байгаад 1990 оноос сэргээн засварлаж эхэлсэн.  2002 оноос 65 жил тасраад байсан цамын ёслолын үйл ажиллагааг сэргээсэн байна.  Одоо тус хийдэд сахил санваараа сахисан 50 орчим лам хуврагууд ном хурж байна. Амарбаясгалант хийдийг тусгайлан судалсан бүтээл бараг үгүй бөгөөд Н.М.Шепетильников, Д.Майдар, Х.Пэрлээ нар өөрсдийн бүтээлд товч байдлаар дурдаж хятад хэв загварын чуулбар хэмээн дүгнэлт өгч байжээ.
"Амарбаясгалантын хийд" цааш унших »
Аялал төлөвлөлт, зохион байгуулалтын тухай миний бодол
Аялал Төлөвлөлт, зохион байгуулалт. Аяллыг зөв оновчтой зохион байгуулах явдал нь  тур оператор компаниудад эдийн засаг, менежментийн талаасаа ач холбогдолтой.   Аялал төлөвлөлт, зохион байгуулалтын асуудлуудыг хооронд нь салгаж ойлгох нь зохистой.  Аялал төлөвлөлтийн асуудлууд нь аяллыг хаана хэдийд хийхэд хамгийн тохиромжтой нөхцөл байдал, хугацааг тодорхойлж өгнө. Аялал зохион байгуулалт нь төлөвлөгдсөн аяллыг хамгийн  сэтгэл ханамжтай, үр ашигтайгаар хөтлөн явуулахад оршино.  Аялал зохион байгуулалтын асуудлууд дотор тухайн аяллын үйл ажиллагааны төлөвлөлтийн асуудал оршино.  Энэ үйл ажиллагааны төлөвлөлтийн асуудал, аялал төлөвлөлт хоёрыг салгаж ойлгох хэрэгтэй. 
"Аялал төлөвлөлт, зохион байгуулалтын тухай миний бодол" цааш унших »
(Нийт: 54)